ХИЙМЭЛ ОЮУН УХААНД 13.29 ТЭРБУМ РИНГГИТ (3.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР)-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ.
Малайз Улс 2025 оны эхний 6 сарын хугацаанд Цахим малайз санаачилга (Digital Malaysia Initiative)-ын хүрээнд хиймэл оюун ухааны салбарт нийт 13.29 тэрбум ринггитын хөрөнгө оруулалт хийхээр болсон бөгөөд энэ нь 6,920 ажлын байр бий болгох боломжтой ажээ. Цахим хөгжлийн сайд Гобинд Сингх Деогийн мэдээлснээр энэхүү амжилт нь хөрөнгө оруулагчид Малайз Улсын хиймэл оюун ухааны бүс нутгийн төв болох чадамжид итгэж, улмаар дэлхийн цахим экосистем дэх тус улсын байр суурийг бэхжүүлж байгааг харуулж байна гэв. Түүнчлэн 2023 онд хиймэл оюун ухаан, технологийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулах хувь нэмэр 23.5 хувь байсан бол засгийн газар 2025 оны эцэс гэхэд 25.5 хувьд хүргэх зорилт тавьсан ажээ. Тэрээр “Хөрөнгө оруулалт, авьяас чадварын хөгжүүлэлт болон төрөл бүрийн салбарт хиймэл оюун ухааны олон төрлийн хэрэглээ хэрэгжиж буй эерэг өөрчлөлтөд үндэслэн энэхүү зорилтыг биелүүлэх бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.
Энэ амжилт нь технологийн үр өгөөжийг эдийн засаг болон ард иргэдэд бүрэн дүүрэн хүртээх зорилгоор өгөгдөл, авьяас чадвар, дэд бүтцэд тулгуурласан 2026-2030 оны Үндэсний хиймэл оюун ухааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Засгийн газрын хүчин чармайлттай нийцэж байгаа юм.
Эх сурвалж: Bernama Biz