images

ХУН СЕН-ИЙ БИЧЛЭГЭЭС БОЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ПЕТОНТАНЫГ ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛААС ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

МЭДЭЭ

2025-07-02

22

Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Петонтан-тай холбоотой сенатын гишүүдийн өргөдлийг хүлээн авч, тухайн асуудлыг шүүн хэлэлцэхээр шийдвэрлэсний улмаас түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүллээ. Үндсэн хуулийн цэцийн есөн шүүгч санал нэгтэйгээр Сенатын дарга Монгкол Суразажжагийн шүүхэд шилжүүлсэн 36 сенатын гишүүний өргөдлийг хүлээн авах асуудлаар шийдвэр гаргажээ. Шүүгчид 7-2 харьцаатайгаар Петонтаныг шүүхийн шийдвэр гарах хүртэл Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч тэрбээр Соёлын сайдаар ажиллах боломжтой хэвээр үлджээ. Тэрбээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрийгөө Соёлын сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд энэ нь Хааны зарлигаар баталгаажиж, шүүхийн шийдвэр гарахаас өмнө Төрийн сонинд нийтлэгдсэн байсан аж.

Сенатын гишүүдийн зүгээс түүнийг Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сен-тэй утсаар ярих үеэрээ Хоёрдугаар армийн командлагчийг "өрсөлдөгч тал" гэж хэлсэнтэй холбоотойгоор төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолд халдсан гэж үзэн, үймээн самуунд уриалсан үндэслэлээр Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг шүүхэд гаргасан аж. Шүүхээс Петонтан-д 15 хоногийн дотор бичгээр мэдүүлэг өгөхийг үүрэг болгожээ. Шүүхийн шийдвэрээр тэрбээр энэ 2025 оны 07 дугаар сарын 01-ний Мягмар гарагаас эхлэн шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл Ерөнхий сайдын албан үүргээс түдгэлзэж, ажлаа зогсоох ёстойг мэдэгджээ.

Эх сурвалж: The Nation Thailand