ХУН МАНЕТ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙНД БУРУУТГАЖ, КАМБОЖИЙН ЗҮГЭЭС ШИЙДВЭРТЭЙ ХАРИУ ӨГӨХ БОЛНО ГЭЖЭЭ
Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд Хун Манет Тайландын Хаант Улсыг эдийн засгийн нөлөөгөө ашиглан тус улсын эсрэг дарамт үзүүлж байна хэмээн буруутгаж, хилийн маргаан хурцдаж буй энэ үед Камбожийн зүгээс энэхүү сөргөлдөөнийг "логиктой төгсгөлд хүргэхэд" бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр энэ Даваа гарагт буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Сием Реап хотноо болсон Камбожийн Залуучуудын холбооны төв хорооны хурлын хаалтын ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Тайландын Засгийн газраас Камбожид шахалт үзүүлэхийн тулд үндсэрхэг үзлийг өдөөх, цэргийн сүр хүчийг харуулах, эдийн засгийг арга хэрэгслээ болгон ашиглах гэсэн гурван тактикийг зориудаар ашиглаж байна гэжээ.
Тэрбээр Тайландын Хаант Улс цахилгаан, интернет, шатахууны нийлүүлэлтийг таслах, хилийн боомтыг нэг талын шийдвэрээр хаах зэргээр сүрдүүлж буйг шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар, Тайландын эрх баригчдын зүгээс эдгээр үйлдлийг цахим залилангийн хэрэгтэй тэмцэхийн тулд гэж тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ Камбожийн олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой өргөн хүрээтэй алхмын нэг хэсэг гэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр тус улс тэвчээртэй хэвээр байгаа бөгөөд ард иргэд нь нөхцөл байдлыг сайн ойлгож, Тайландын улс төрийн зорилго ямар байгааг ухамсарлаж буйг онцлон тэмдэглэсэн аж.
Эх сурвалж: The Nation Thailand