ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 2028–2033 ОНД ФОРМУЛА-1 ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Тайландын Хаант Улсын Засгийн газар 2028–2033 онд Олон улсын автомашины холбооноос зөвшөөрөгдсөн Формула-1 (F1) болон бусад авто уралдааны тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрлийг өглөө. Энэхүү төслийн нийт төсөв нь 41.4 тэрбум баат байх аж. Ерөнхий сайдын Ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Жираю Хоунгсуб энэ Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдэхдээ, Тайландын Хаант Улс ирэх таван жилийн хугацаанд дараалан Формула-1 Гран При тэмцээнийг зохион байгуулахаар болж, уралдаан Бангкок хотын Чатучак дүүргийн гудамжинд болно гэжээ. Тус уралдааны гудамжны тойрог нь 5.7 км урт байх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх ажээ.
Төслийг анх 2024 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар зарчмын хувьд баталсан бөгөөд Тайландын Үзэсгэлэн, хурлын товчоо, Спортын газар, Бангкок хотын захиргаа болон бусад холбогдох байгууллагад судалгаа хийх үүрэг өгсөн аж. Тэрбээр хэлэхдээ, “Хоёроос, гурван жилийн дараа Тайландын Хаант Улс дэлхийн түвшний, бидний урьд өмнө төсөөлөөгүй арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Засгийн газраас энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж байгаа” гэжээ. Мөн тэрбээр Засгийн газраас нийт 41.4 тэрбум баатын төсөв баталснаас гадна, уралдааны замын зураг төсөл боловсруулахад зориулж 218 сая баатын яаралтай санхүүжилтийг тусгасан болохыг нэмж дурджээ.
Эх сурвалж: The Nation Thailand