ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БҮХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА 2026 ОН ГЭХЭД ЦАХИМ СИСТЕМД БҮРЭН ШИЛЖИНЭ
Засгийн газраас ирэх жил гэхэд бүх төрийн байгууллагыг цахим системд бүрэн шилжүүлэх зорилт тавьж, цахим дэд бүтцэд 500 тэрбум баат-ын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Ерөнхий сайдын Ажлын албаны Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Сасикарн Ваттаначаны хэлснээр энэхүү хөрөнгө оруулалтыг засгийн газрын санхүүжилт болон дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хамтран хэрэгжүүлэх аж.
Уг зорилтыг энэ 5 дугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Петонгтан Чинаватрагийн даргалсан Үндэсний хиймэл оюун ухааны хорооны анхны хурлын дараа зарлажээ. Технологийн хөгжил, дэвшлийг урагшлуулах зорилгоор Үндэсний хиймэл оюун ухааны хороо байгуулж, Тайландын Хаант Улсын үндэсний хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх “Үндэсний хиймэл оюун ухааны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх юм. Энэхүү хороо нь хиймэл оюун ухааны хөгжлийн олон талт үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү санаачилга нь тус улсыг хүчирхэг, стратегийн хөгжлийн замд хөтлөх чухал эхлэл, хөдөлгөгч хүч болно гэж үзэж байгаа ажээ. Мөн хиймэл оюун ухааны хөгжилтэй уялдуулан хүний нөөцийг хөгжүүлж, иргэдийн хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлснээр тус улсыг дэлхийн өөрчлөлтөд тогтвортой байж, дасан зохицож, хөгжих боломжтой болно гэжээ.
Эх сурвалж: Bangkok post