МАЛАЙЗ УЛС ТАЙЛАНД ХААНТ УЛС РУУ АЧАА ТЭЭВРИЙН ТӨМӨР ЗАМ ХОЛБОНО
Малайз Улс хоёр талын болон бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд тус улсын нийслэл Куала Лумпур хотоос Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот чиглэлд ачаа тээврийн төмөр замын шугам холбохоор төлөвлөж байгааг тус улсын Тээврийн сайд Антони Лок онцлов. Тэрбээр хоёр улсын хооронд хийх ачаа тээврийн төмөр замын холболтын асуудлыг Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд дэмжсэн бөгөөд энэ нь бусад улс, тухайлбал лаос, хятад болон төв азийн улстай холбогдох боломжийг бий болгох давуу талтайг тэмдэглэв. Тээврийн сайд Антони Лок нийт 10 тэрбум ам.долларын өртөг бүхий 665 км урттай төмөр замын хил холболтын төслийг сунгах эсэх талаар тус улсын Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаагүй бөгөөд энэхүү төмөр замын хил холболтын төсөл ирэх 2026 онд дуусах төлөвтэй байгааг мэдэгдэв.
Эх сурвалж: Bangkok Post