images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-11-27

59

Тайландын Хаант Улсын Худалдааны сайд Пичай Нариптапан тус улс АНУ-ын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хандлага улам бүр нэмэгдэж байгааг өөдрөгөөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр АНУ-АСЕАН-ы Бизнесийн зөвлөл (USABC)-ийн өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа тус улсын стратегийн байр суурь, бизнест ээлтэй орчныг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Амазон, Боинг, Google зэрэг томоохон корпорацын төлөөллөөс бүрдсэн USABC-ийн төлөөлөгчид Тайландын Хаант Улсад айлчилж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломжийг судлав. Тус зөвлөлийн хурлаар хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх боломжит хамтын ажиллагаа, худалдааны саад бэрхшээлийг арилгах талаар ярилцжээ. Худалдааны сайд Пичай Тайландын Хаант Улсын эдийн засгийн сайн үзүүлэлтийг онцлон тэмдэглээд, экспортын өндөр үзүүлэлт, хөрөнгө оруулалтын таатай орчин зэргийг дурджээ. Тэрбээр хэлэхдээ, тус улс нь бүс нутгийн аж үйлдвэрлэлийн төв болох, ялангуяа электрон бараа, автомашин зэрэг салбарыг хөгжүүлэхээр зорьж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр мөн Тайландын Хаант Улс АНУ хоорондын худалдааны асуудал, тэр дундаа оюуны өмчийн эрх, тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэжээ. Эдгээр сорилтыг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр цаашид Япон Улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Японы хөрөнгө оруулалтыг тус улс руу татахад  чиглэгдэж байгааг тэмдэглэжээ. Мөн Европын Холбоо, Канад Улс зэрэг худалдааны гол түншүүдтэй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: The Nation Thailand