images

ХУДАЛДААНЫ ЯАМ БАНГКОКИЙН ЭРДЭНИЙН ЧУЛУУ, ҮНЭТ ЭДЛЭЛИЙН 70 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙГ ХИЙВ

МЭДЭЭ

2024-09-11

26

Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит үзэсгэлэн, хурлын төвд болсон Бангкокийн үнэт эдлэл, эрдэнийн чулууны 70 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийг Худалдааны яамны Байнгын нарийн бичгийн дарга Вуттикрай Ливирапхан хийв. Энэхүү арга хэмжээг Олон улсын худалдааг дэмжих газар, Тайландын эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн хүрээлэн буюу GIT-тэй хамтран тус салбарын төрийн болон хувийн хэвшлийн 16 байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж байна. Үзэсгэлэн, худалдаа энэ 9 дүгээр сарын 9-13-ны өдөр зохион байгуулагдана. Тайландын Хаант Улсын Худалдааны яам 40 гаруй жилийн турш Бангкокийн үнэт эдлэл, үнэт чулууны үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь тус салбарын бүх түвшний бизнес эрхлэгчид олон улсын түвшинд уулзаж, бизнесийн яриа хэлэлцээ хийх боломжийг олгож ирсэн.

Дэлхийн эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн худалдааны 4 томоохон үзэсгэлэн, худалдааны нэг болох Бангкокийн эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн үзэсгэлэн улам өргөжиж, дэлхийн өнцөг булан бүрийн худалдан авагчдын зайлшгүй оролцдог арга хэмжээ болоод буй. Энэхүү 70 дахь удаагийн “Bangkok Gems” үнэт эдлэлийн үзэсгэлэнд 20 гаруй улсын 1100 гаруй компани 2470 лангуунд бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Тус үзэсгэлэн, худалдаа нь 40,000 орчим зочдыг хүлээн авч, 100 сая гаруй ам.долларын худалдааны орлого олох төлөвтэй байна" гэж Байнгын нарийн бичгийн дарга Вуттикрай хэлжээ. Тайландын Хаант Улсын эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн экспорт нь тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Тайландын Хаант Улс нь өнгөт эрдэнийн чулууны дэлхийн худалдааны төв бөгөөд эрдэнийн чулуу зүсэх, сайжруулах арга техникээр дэлхийд тэргүүлэгч улс аж.

Эх сурвалж: The Nation Thailand