ЕРӨНХИЙ САЙД СЕТТА МАРИХУАНЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ БОДЛОО ӨӨРЧЛӨВ
Каннабис буюу олсны ургамал нь V зэрэглэлийн жагсаалтад буцаж орохгүй, харин шинэ хуулиар зохицуулагдах болно гэдгийг Засгийн газрын ордны эх сурвалж мэдээлэв.
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин энэ Мягмар гарагт марихуаныг хориглоно гэсэн сонгуулийн амлалтаасаа татгалзаж, харин оронд нь түүний хэрэглээг зохицуулах арга замыг боловсруулахыг Нийгмийн эрүүл мэндийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын ордны эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Сетта долоо хоног бүрийн Мягмар гарагт болдог Засгийн газрын хуралдааны өмнө марихуаны ирээдүйн талаар тэс өөр байр суурийг илэрхийлсэн Нийгмийн эрүүл мэндийн сайд Сомсак Тепсутин болон Дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракул нартай уулзжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд Сетта олсны ургамлыг V зэрэглэлийн жагсаалтад дахин оруулахын оронд марихуаны хэрэглээг зохицуулах хуулийн төсөл санаачлахыг Нийгмийн эрүүл мэндийн сайд Сомсак-т үүрэг болгожээ. Хуулийн төслийн зорилго нь марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглах, судалгаа шинжилгээ болон тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэх ёстой ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand