ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАЛУУ ҮЕИЙНХЭН ДУНД “ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХ ТУС УЛСЫН БАГ, ТАМИРЧДЫН ЁСЛОЛЫН ХУВЦАС ИХЭЭХЭН ШҮҮМЖЛЭЛИЙГ ДАГУУЛААД БАЙНА
“Парис-2024” зуны Олимпод оролцох Тайландын Хаант Улсын баг, тамирчдын ёслолын хувцас тус улсын олон нийтийн цахим сүлжээнд гарсан даруйдаа ихээхэн шүүмжлэлд өртөв. Иргэдийн зүгээс нээлтийн үеэр тус улсын баг, тамирчдын өмсөх энэхүү хөх өнгийн хүрэм нь бусад улсын баг, тамирчдын ёслолын хувцаснаас хэт доогуур загвар, хийцтэй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, дөрвөн жилд нэг удаа болдог Олимпын тэмцээнд өөрийн улсын баг, тамирчдын өмсөх ёслолын хувцас, түүний загварыг өөрчлөх шаардлагатай гэж мэдэгдээд байна. Харин тус улсын Ерөнхий сайд Сетта Тависин иргэдийг загвар зохион бүтээгчдэд хүндэтгэлтэй хандаж, хар тамхи болон бусад олон чухал асуудалд анхаарлаа хандуулахыг уриалав.
Тайландын Хаант Улсын баг, тамирчдын нээлтийн үеэр өмсөх уламжлалт хээ, угалз бүхий ёслолын хөх өнгийн хүрмийг тайландын спортын хувцас үйлдвэрлэгч “Grand Sport” болон “Удон Тани Ражабхат” их сургуулийн Даавуу, нэхмэлийн бүтээлч дизайны төв хамтран бүтээсэн байна. Энэхүү хөх өнгийн хүрмийг урласан загвар зохион бүтээгчид хүрмийн зах болон энгэрийг “ЮНЕСКО”-гийн Дэлхийн өвд 1992 онд бүртгэгдсэн Удон Тани дахь Бан Чианг археологийн дурсгалт газрын хэв маягаас санаа авч урласнаас гадна хуванцар сав ашиглан дахин боловсруулсан даавуугаар хийсэн байна.
Эх сурвалж: Nation Thailand