images

БАНГКОК ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНААС ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР БОЛОН ЗЭРЛЭГ АМЬТАН ХУДАЛДААЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙНЭ

МЭДЭЭ

2024-06-14

145

Бангкок хотын Захирагчийн Ажлын албанаас өнгөрсөн Мягмар гарагт Чатучак дүүргийн “Сри Сомрат” худалдааны төвд гарсан гал түймэртэй холбогдуулан хотын хэмжээнд гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтан худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хяналт, шалгалтын ажлыг хийхээр болсныг Лхагва гарагт мэдэгдэв. “Сри Сомрат” худалдааны төвд гарсан энэхүү гал түймэрт 1,400 м.кв талбайг хамарсан 118 амьтны дэлгүүрийн 5,300 орчим гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтан өртсөн бөгөөд хотын захирагч Чадчарт Ситтипунт-ын мэдэгдсэнээр энэхүү хяналт, шалгалтын ажлыг амьтны эрхийг хамгаалах холбогдох төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Хяналт, шалгалтын хүрээнд Бангкок хотын Мин Бури дүүрэгт байрлах “Чатучак 2” болон Тави Ваттана дүүрэгт байрлах “Санам Луанг 2” худалдааны төвийн амьтны дэлгүүрийн үйл ажиллагаа болон амьтдын байрлаж буй орчин нөхцөлд хяналт, шалгалт хийхээр болсон бөгөөд хяналт, шалгалтын дүнг ирэх 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах аж. Түүнчлэн “Сри Сомрат” худалдааны төвд гарсан гал түймэртэй холбогдуулан Бангкок хотын Захиргаа болон Мал аж ахуйн хөгжлийн газраас амьтан худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байхаар шийдвэрлэв. 

Эх сурвалж: Bangkok Post