images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ЦАГААН БУДААНЫ ЭКСПОРТООРОО ӨРСӨЛДӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-05-08

197

Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс дэлхийн хамгийн том цагаан будаа экспортлогч улс болохыг зорьж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс нийт 4.3 сая тонн цагаан будаа экспортолсон үзүүлэлтээр жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа боловч тус улсын цагаан будааны экспорт дотоод улс төрийн нөхцөл байдлын улмаас жил бүр 28.1 хувиар буурч байгаа аж. Харин Тайландын Хаант Улс энэ оны нэгдүгээр улиралд нийт 2.46 сая тонн (жилийн 19.4 хувийн өсөлттэй), Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 2.18 сая тонн (жилийн 17.7 хувийн өсөлттэй), Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс 1.98 сая тонн (жилийн 68.5 хувийн өсөлттэй), харин Америкийн Нэгдсэн Улс 800,000 тонн (жилийн 90.5 хувийн өсөлттэй) цагаан будаа экспортолсон болохыг Тайландын Цагаан будаа экспортлогчдын холбооноос мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс дотоодын үйлдвэрлэлийн 25 болон 15 хувьтай тэнцэх хэмжээний цагаан болон бор будааны экспортын хязгаарлалтыг 5 хүртэлх хувиар бууруулах магадлалтайг зарим шинжээчид онцолж байгаа бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бүрдүүлэх зорилготой аж. Тайландын Хаант Улсын цагаан будааны экспорт энэ 2024 оны нэгдүгээр улиралд 56.73 тэрбум баат буюу 1.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус улс нийт цагаан будааны дийлэнх хувийг Индонез, Филиппин, Малайз болон Япон зэрэг улсад экспортолдог бөгөөд тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш суларсан нь тус улсын цагаан будааг импортлох эрэлт эрс нэмэгдсэнийг Тайландын Цагаан будаа экспортлогчдын холбооноос онцлон тэмдэглэв. Энэ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Тайландын Хаант Улсын цагаан будааны үнэ нэг тонн тутам нь 599 ам.доллар, харин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын цагаан будааны үнэ 583 ам.доллар байгаа бол Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын цагаан будааны үнэ тонн тутам нь 582 ам.доллар байна.

Эх сурвалж: Nation Thailand