images

БҮС НУТГИЙН ХЭВЛЭМЭЛ ХЭЛХЭЭНИЙ ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭЛТИЙН ТӨВ БОЛОХЫН ТУЛД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-04-01

232

Тайландын Хаант Улсын Хөрөнгө оруулалтын зөвлөл нь тус улсыг Зүүн Өмнөд Азийн хэвлэмэл хэлхээний хавтан (Printed circuit board, PCB) үйлдвэрлэлтийн төв болгохын тулд татварын хөнгөлөлт үзүүлэх ажээ. Хөрөнгө оруулалтын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Нарит Тердстеерасукди-гийн мэдээлснээр хэвлэмэл хэлхээний хавтан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн техник, тоног төхөөрөмж, түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжийн албан татвараас 8 жил хүртэл хугацаанд чөлөөлөх зэрэг арга хэмжээг авах юм.

Өнгөрсөн жил Хятад, Тайвань, Япон зэрэг улсын 40 компани тус улсын хэвлэмэл хэлхээний хавтан үйлдвэрлэлд 100 сая гаруй баатын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогоор шилдэг 20 үйлдвэрлэгчийн 10 нь тус улсад байрлаж байна.

Тайландын Хаант Улсын дэд бүтэц, цэвэр эрчим хүчний боломж, усны нөөц, чадварлаг ажиллах хүч, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг нь дэвшилтэт электроникийн үйлдвэрлэл, чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх боломжтой байгаа ажээ.

Эх сурвалж: Nation Thailand