images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ЭНЭ 2024 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-03-29

214

Тайландын Хаант Улс Бүгд Найрамдах Солонгос Улстай 2025-2026 онд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зорилтын хүрээнд тус улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр болсныг Тайландын Худалдааны сайд Пхумтам Вечаяача онцлон тэмдэглэв. Тэрбээр Бүгд Найрамдах Солонгос Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь Тайландын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл болон мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт татах, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөх тус улсын чадавхыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийг тус улсын одоо байгаа АСЕАН-Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээр буюу “AKFTA” болон Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (RCEP)-д тулгуурлан байгуулах бөгөөд энэ нь хоёр улсын нийлүүлэлтийн сүлжээ, цахим эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Чөлөөт худалдааны хэлэлцээрээс Тайландын тахиа, загас зэрэг хөлдөөсөн болон боловсруулсан бүтээгдэхүүн, жимс болон гурил, амтлагч зэрэг хүнсний бүтээгдэхүүн ашиг хүртэхээс гадна хэлэлцээр байгуулагдсанаар Тайландын тээвэр, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа Бүгд Найрамдах Солонгос Улсын зах зээлд нэвтрэх бүрэн боломжтой болж байгаа аж.

Тайландын 12 дахь томоохон худалдааны түнш улс Бүгд Найрамдах Солонгос Улстай хийсэн нийт худалдааны эргэлт өнгөрсөн 2023 онд 14.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс импорт 8.6 тэрбум ам.доллар (төмөр, ган бүтээгдэхүүн, цахилгаан дамжуулах хавтан, химийн бодис, машин, тоног төхөөрөмжийн эд анги) бол экспорт 6 тэрбум ам.доллар (тос, резин, элсэн чихэр, хөнгөн цагаан бүтээгдэхүүн) байна.

Эх сурвалж: Nation Thailand