images

СЕТТА, МАКРОН НАР ИЛҮҮ ОЙР ДОТНО ТҮНШЛЭЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-03-13

182

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар энэ Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ хоёр улсын харилцааг бүх талаар бэхжүүлэх, хоёр улсын хооронд илүү нягт ойр дотно түншлэлийн харилцааг хөгжүүлэхээ нотлон илэрхийлэв. Парисын Елисей ордонд болсон уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгч Макрон эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр хоёр талын бат бөх харилцаа нь олон талт харилцааг бий болгож, дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдлыг тогтооход хувь нэмэр оруулах болно гэдгийг тэмдэглэж хэлсэн байна.

Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайдын албыг давхар хашиж буй Сетта Францын Ерөнхийлөгчид халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, 2024 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаад баяр хүргэв. Тэрбээр хоёр улсын түүхэн хэлхээ холбоог, ялангуяа Тайланд, Францын 300 гаруй жилийн түүхтэй ойр дотно харилцааг онцлон дурдаж хэлэв. 2025 онд Сиам, Францын хооронд анх харилцаа тогтоосны 340 жилийн ой, 2026 онд Тайландын Хаант Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 170 жилийн ой тохиохыг тэмдэглэв.

Тайландын Хаант Улс, БНФУ нь ардчилал, хүний ​​эрх, жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг ижил төстэй үнэт зүйлсийг эрхэмлэдэг. Бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон улсын хууль тогтоомж, хүмүүнлэгийн эрх зүй, НҮБ-ын дүрэмд суурилсан олон улсын хамтын ажиллагаа нь өнөөгийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгтэй Ерөнхий сайд Сетта, Францын Ерөнхийлөгч Макрон нар хоёр санал нэгдэв. Хоёр улс цахим болон ногоон шилжилттэй холбогдуулан илүү тогтвортой, уян хатан эдийн засгийг бий болгох ижил төстэй алсын хараатай гэдгийг Ерөнхий сайд Сетта хэлэв. Тэрбээр БНФУ-ыг ирээдүйн автомашины үйлдвэрлэл, агаарын тээвэр, бүс нутгийн логистик, цэвэр эрчим хүчний салбарт Тайландын Хаант Улстай хамтран ажиллахыг урив. Мөн Францын боомтын менежментийн тэргүүлэгч компаниудыг Тайландын хуурай замын гүүрний төсөлд хөрөнгө оруулахыг урьсан байна.

Энэ 3 дугаар сарын 9-ний өдөр БНФУ-д айлчлалаар ирснээсээ хойш Ерөнхий сайд Сетта Францын автомашин, агаарын тээвэр, цэвэр эрчим хүч, загвар, спорт, зочид буудал, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч 20 гаруй компанийн удирдлагатай уулзаж, хоёр улсын бизнесийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: The Nation Thailand