images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС А-ЗЭРЭГЛЭЛИЙН ОДДЫГ ТАТАХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-02-28

166

Тэйлор Свифтийн Сингапур Улсад хийсэн тоглолтын талаар маргаан гарч байгаа энэ үед Тайландын Засгийн газар томоохон хөгжмийн баяр наадмыг өөрийн улсдаа татахын тулд бүхий ларга хэмжээ авч байна.

Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Азийн баяр наадам фестивалийн төв болгох, олон улсын концертыг татах томоохон зорилтынхоо хүрээнд тус улсын Засгийн газар дэлхийн уран бүтээлчдийн тэргүүлэгч дуу бичлэгийн компаниуд болон концерт зохион байгуулагчидтай уулзалт хийхээр төлөвлөж байна. Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вансуфакикосол хэлэхдээ, мэргэжлийн концерт зохион байгуулагчидтай уулзах болсон шалтгаан нь санхүүгийн дэмжлэг санал болгох бус, харин зохион байгуулагчид болон үзэгчдэд аль алинд нь тустай байж болох арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой тэдний нөхцөл, шаардлагыг сонсоход оршиж байна гэв.

"Тайландын Хаант Улсын бүс нутгийн олон улсын концерт, арга хэмжээ зохион байгуулдаг хүчирхэг төв болгохын тулд сайжруулж болох арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг илүүд үзэж байна. Зөвхөн зохион байгуулагчид, эсхүл уран бүтээлчдийн баг илүү тав тухтай байхаас гадна тоглолтыг үзэгчид тус улсад хийсэн аяллынхаа туршид сайхан дурсамж хуримтлуулах ёстой" гэдгийг тэмдэглэж хэлэв. Үүнд “Tero Entertainment”, “Warner Music Group”, “Sony Music Entertainment” зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд багтаж байна.

Энэ сард Бангкок хотноо болсон форумын үеэр Ерөнхий сайд Сетта Тависин Сингапур Улс Тэйлор Свифтийн “Eras“ аялан тоглолтыг Зүүн Өмнөд Азийн улсаас зөвхөн Сингапур Улсад хийлгэхийн тулд хэрхэн анхаарлыг нь татсан гэрээ хийснийг мэдээлж, Тайландын Хаант Улс ч мөн адил аргыг хэрэглэх нь ухаалаг зүйл болно гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Сингапур Улсын Соёлын яам болон Аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан хамтарсан мэдэгдэлд концертын зохион байгуулагчидтай шууд хамтран ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч санхүүжилтийн хэмжээ болон ирэх долоо хоногт болох дараагийн зургаан тоглолтыг зохион байгуулах онцгой эрх бүхий тохиролцооны талаарх мэдээллийг гаргахаас татгалзсан байна.

Эх сурвалж: Bangkok Post