images

2024 ОНЫ ЭХНИЙ 7 ДОЛОО ХОНОГТ 5 САЯ ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ

МЭДЭЭ

2024-02-21

166

Тайландын Хаант Улс нь энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 18-ны хооронд 5,217,379 гадаадын жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 49 хувиар өссөн байна гэдгийг Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вансупакикосол энэ Мягмар гарагт мэдэгдэв. Тэрбээр мөн эдгээр жуулчид Тайландын бизнес эрхлэгчдэд 254.7 тэрбум орчим баатын аялал жуулчлалын орлого оруулсан гэв. Энэ оны эхний 7 долоо хоногийн байдлаар БНХАУ-аас 987,941 жуулчин хүлээн авсан нь тус улсад ирсэн гадаадын жуулчдын тоогоор тэргүүлсэн бол Малайз (641,605), ОХУ (347,837), БНСУ (341,447), Энэтхэг Улс (258,269) удаалсан байна.

Тэрбээр энэхүү огцом өсөлтийг өнгөрсөн оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн засгийн газрын визгүй зорчих бодлого амжилттай хэрэгжиж буйтай холбож тайлбарласан байна. Энэ нь БНХАУ, Казахстан Улсын жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлснээр эхэлж, 11 дүгээр сард Энэтхэг Улс, Тайванийн жуулчдыг визгүй болгосон юм. Түүнчлэн Сонгхла мужийн Садао хилийн шалган нэвтрүүлэх боомтын TM6 гэрчилгээг хүчингүй болгосон нь Малайзын жуулчдыг Тайландын өмнөд бүс рүү зорчиход дөхөм болсон нь бас нэг нөлөөлсөн хүчин зүйл юм. Тайландын Хаант Улс, БНХАУ-ын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр болон нислэгийн тоо нэмэгдсэний улмаас энэ долоо хоногт (2 дугаар сарын 19-25-нд) ирэх гадаадын жуулчдын тоо өсөх болно гэж тус яамнаас үзэж байна. Тайландын Хаант Улс, БНХАУ нь ирэх 3 дугаар сарын 1-нээс эхлэн хоёр улсын иргэдийг харилцан визийн шаардлагаас бүрмөсөн чөлөөлөхөөр тохиролцсон. Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яам 2024 онд 3.5 их наяд баат-ын орлого олох зорилт тавиад байгаа бөгөөд үүний 2.3 их наяд баатыг тус улсад ирэх гадаадын 40 сая орчим жуулчдаас олохоор төлөвлөж байна. Үүний зэрэгцээ дотоодын жуулчдаас (200-220 сая орчим аялал) ойролцоогоор 1.2 их наяд баатын орлого олох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: The Nation Thailand