images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД АСЕАН-ЕХ-НЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-02-05

211

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулагдаж буй 24 дэх удаагийн АСЕАН-ЕХ-ны Сайд нарын уулзалтад оролцжээ.

Гадаад хэргийн сайд хэлсэн үгэндээ Украин болон Ойрхи Дорнодод үргэлжилж буй асуудал нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгаа бөгөөд үүнийг хангахын тулд бүс нутгийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгаа хэдий ч энэ хүрээнд ирээдүйтэй чиг хандлага харагдахгүй байгааг онцолсон юм.

АСЕАН болон ЕХ-ны хамтын ажиллагааны чадавхийг эерэгээр төсөөлж, өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй олон сорилтыг давахын тулд бүх талын хүчин чармайлт шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр улс төрийн тодорхой бус байдлыг шийдвэрлэх, харилцан өсөлтийн олон талт холбоог бэхжүүлэх, НҮБ-ын ТХЗ-той уялдуулан тогтвортой хөгжлийг хамтдаа дэмжих зэрэг стратегийн түншлэлийн гурван үндсэн чиглэлийг дурдсан байна.

Шадар сайдын албыг давхар хашиж буй Гадаад хэргийн сайд Мьянмарын нөхцөл байдлын талаар дурдаж, хүмүүнлэгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэхийн чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

Мөн үеэр Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто болон Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сигрид Кааг нартай тус тус хоёр талын уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, ялангуяа ЕХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Тайландын Хаант Улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гишүүнээр сонгох, Тайланд паспорт эзэмшигчдийг Шенгений хилээр нэвтрэхэд визээс чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцсан байна.

Эх сурвалж: Nation Thailand