images

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-01-26

163

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Валтер Штейнмаер энэ сарын 24-26-ны өдөр Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийв. Тэрбээр Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин-тэй хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Тайландын Хаант Улсад тогтвортой хөдөө аж ахуй, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбар, тэр дундаа цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн талууд одоо өрнүүлж буй харилцаагаа “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцсоноос гадна 2040 он гэхэд Тайландын сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч буй цахилгаан эрчим хүчийг 50 хувиар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч Франк-Валтер Штейнмаер илэрхийлснийг Ерөнхий сайд Сретта Тависин онцлон тэмдэглэв. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Тайландын Хаант Улсын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр тус улс Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн сүлжээ (hub) болох боломжтой. Уулзалтын үеэр Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, тэр дундаа Тайланд иргэдийг Шенгений визийн шаардлагаас чөлөөлөх асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгоод, тус улс ирэх 2025 онд Европын Холбоотой байгуулах “Чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эцэслэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн аж. Тайландын Хаант Улс нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын худалдааны томоохон түнш улс бөгөөд Ерөнхийлөгч Франк-Валтер Штейнмаер-ын хийж буй энэхүү айлчлал нь 2002 оноос хойш буюу 22 жилийн дараа Төрийн тэргүүний түвшинд хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: Bangkok Post