images

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛ ТАЙЛАНДЫН ЭЛЕКТРОН ХЭЛХЭЭНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-01-10

179

Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөл (ХОЗ) дотоодын электрон хэлхээний ханган нийлүүлэгчиддэлхийн электрон хэлхээний үйлдвэрлэлийн экосистемд нэвтрэх чадавхийг нь нэмэгдүүлэхийн тулд илүү их шууд дэмжлэг, урамшуулал үзүүлэх болно гэдэг амлалтыг өгөв. Энэхүү үүрэг амлалт нь Тайланд Улсыг Зүүн өмнөд Азийн электроникийн үйлдвэрлэлийн төв болгох, хэвлэмэл электрон хэлхээний хавтан (PCB) болон хэвлэмэл электрон хэлхээний самбар (PCBA) угсралтын дэвшилтэт үйлдвэрлэлд голлон анхаарах засгийн газрын зорилттой нийцэж байгаа юм. Эдгээрийн аль аль нь бүх ухаалаг электрон төхөөрөмжийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг.

ХОЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Нарит Тердстеерасукди хэлэхдээ, Тайланд Улс нь АСЕАН-ны бүс нутагт дэлхийн томоохон хэвлэмэл электрон хэлхээний хавтан болон хэвлэмэл электрон хэлхээний самбар үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа шилжүүлэх эхний сонголт болсон гэв. Дараагийн сонголт нь Вьетнам, Малайз Улс орж байна. "Сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсэн технологи, худалдааны дайн нь эдгээр компаниудад ихээхэн дарамт учруулж, аюулгүй байдал, тогтвортой байдал, төвийг сахисан бүс нутаг рүү үйл ажиллагаагаа шилжүүлэхэд хүргэсэн" гэдгийг тэрбээр хэлэхдээ Тайланд Улс нь эдгээр бүх шаардлагыг хангаж байгаа гэв. Түүнчлэн эдгээр компаниуд үйл ажиллагаагаа бараг тэр даруй эхлэх боломжтой юм гэдгийг тэрбээр хэлэв. ХОЗ-ийн мэдээлснээр 2018 оны 11 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сарын хооронд нийт 150.56 тэрбум батын хөрөнгө оруулалттай 106 төсөл хэвлэмэл электрон хэлхээний хавтан болон хэвлэмэл электрон хэлхээний самбарын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх хүсэлт гаргасан байна.

Зөвхөн 2023 онд л гэхэд ХОЗ-өөс хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор ойролцоогоор 96 тэрбум бат бүхий хэвлэмэл электрон хэлхээний хавтан болон хэвлэмэл электрон хэлхээний самбарын 36 төслийн хүсэлт ирүүлсэн байна. Delta Electronics, Apex Circuit, KCE Electronics, Cal-Comp Electronics зэрэг томоохон үйлдвэрлэгчид Тайландад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Түүнчлэн Zhen Ding Technology, Unimicron, Compeq зэрэг хэд хэдэн тэргүүлэх электроникийн үйлдвэрлэгчид хүсэлтээ илэрхийлээд байна. Тайландын электрон хэлхээний хавтангийн үйлдвэрлэл нь 1.4 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 48 тэрбум батаар үнэлэгдэж байгаа бөгөөд Тайландын Хэвлэмэл электрон хэлхээний холбооноос мэдээлснээр 2025 он гэхэд 8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: The Nation Thailand