images

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТОЙМ: ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ (EVS) ТАЙЛАНДЫН АВТОМАШИНЫ ИРЭЭДҮЙ БАЙХ УУ?

МЭДЭЭ

2023-12-20

186

Автомашины салбар нь Тайландын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд тус салбар нь 2300 гаруй аж ахуйн нэгж, автомашин нийлүүлэлтийн гинжин сүлжээнд олон тооны үйлдвэрлэгчидтэй тул экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг.

2022 онд Тайландын Хаант Улс ойролцоогоор 1.9 сая автомашин үйлдвэрлэсэн нь АСЕАН-ны хэмжээнд хамгийн том автомашин үйлдвэрлэгч болж, дэлхийн хэмжээнд 10-т жагсаж байна. Тайландын Хаант Улс энэ оны эхний 10 сарын байдлаар 538,308 суудлын автомашин үйлдвэрлэсний 415,930 нь шаталтат хөдөлгүүртэй, 122,378 нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин байв. Тус улсын автомашины экспортын хэмжээ 927,625, түүнээс 918,157 нь шаталтат хөдөлгүүртэй машин, 9,468 нь хайбрид хөдөлгүүртэй цахилгаан машин байжээ.

Одоогоор Тайландын Хаант Улсын хэмжээнд нийт 8702 цэнэглэгч бүхий 2222 цэнэглэгч станц суурилуулан ажиллуулж байна. Тэдгээрийг Тайландын Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх газар (EGAT) болон Energy Absolute зэрэг төрийн болон хувийн байгууллага ажиллуулж байна. Автомашины үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх, бүс нутаг дахь байр сууриа хадгалахын тулд Тайланд нь 2030 он гэхэд Тайландад үйлдвэрлэгдсэн нийт автомашины 30 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгохоор "30@30" бодлогыг санаачлан хэрэгжүүлж байна. Тайландын цахилгаан автомашины салбарын хөгжил одоогоор хоёр дахь үе шатандаа (2023-2025) явж байгаа бөгөөд 2025 он гэхэд 225,000 суудлын болон пикап машин, 360,000 мотоцикль, 18,000 автобус/ачааны машин, түүний дотор баттерей үйлдвэрлэх зорилт тавьж байна.

Тус улсын Үндэсний цахилгаан тээврийн хэрэгслийн бодлогын зөвлөл (EV board)-өөс автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор EV 3.5 хэмжүүрийг дэмжих арга хэмжээг баталсан. Энэхүү арга хэмжээ нь 2024 оноос эхлэн 2027 он хүртэл хэрэгжих бөгөөд 2023 оны сүүлчээр дуусах 3.0 хэмжүүрийн үргэлжлэл байх юм. EV 3.5 арга хэмжээний хүрээнд засгийн газраас импортын цахилгаан тээврийн хэрэгсэл тутамд ойролцоогоор 100,000 батын татаас олгож, автомашин үйлдвэрлэгчдийг Тайландад импортоор орж байгаа хэмжээнээс 2-3 дахин их цахилгаан автомашин үйлдвэрлэх үйлдвэр байгуулах шаардлага тавих юм.

Эх сурвалж: The Nation Thailand