images

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ НЬ 2024 ОНД ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

МЭДЭЭ

2023-12-12

213

2024 он хүртэл ердөө 20 хоног үлдсэн байхад Ерөнхий сайд Датук Сери Анвар Ибрахим энэ Мягмар гарагт өнөөгийн шаардлага, нөхцөл байдалд нийцүүлэн эвслийн засгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын анхны бүтцийн өөрчлөлт хийснийг мэдэгдэв. Путражая-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн бөгөөд энэхүү бүтцийн өөрчлөлтөөр Засгийн газрын сайд нарын тоо нэмэгдэж, хувийн хэвшил болон эрдэмтдээс бүрдсэн шинэ сайд нараас гадна өмнөх засгийн газарт байсан таван сайд буцаж ирсэн байна.

Засгийн газрын сайд нарыг өөрчилснөөс гадна Харилцаа холбоо, цахим яамыг салгаж, Харилцаа холбооны яам болон Цахим яам болгон тус тус өөрчилсөн байна. Түүнчлэн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг Эрчим хүчний шилжилт, нийтийн аж ахуйн яам болон Байгалийн нөөц, тогтвортой хөгжлийн яам болгон салгасан байна. Ийнхүү Засгийн газрын гишүүдийн тоо 28-аас 31 болон нэмэгдэж, дэд сайд нар 29 болж нэмэгдсэнээр эвслийн Засгийн газрын нийт захиргааны гишүүдийн тоо 60-д хүрсэн хэдий ч энэ нь өмнөх засгийн газрын үед байсан 70-аас бага байгаа юм. Бүх шинэ сайд, дэд сайд нарын тангараг өргөх ёслол мөн өдөр Истана Негара ордонд болов. Малайзын Ерөнхий сайд Анвар хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ эдийн засгийн хөгжил, ард иргэдэд нөлөөлж буй асуудлууд, тэр дундаа амьжиргааны өртөгтэй холбоотой гарч буй өөрчлөлт бүрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан гэжээ.

Эх сурвалж: Malay Mail