images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ УХААЛАГ ХОТ БАРИХ 15 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

МЭДЭЭ

2023-11-27

205

Нийт 927.2 га талбайг хамарсан энэхүү санаачилга нь Тайландын Зүүн эдийн засгийн коридорын шинэ аж үйлдвэр байгуулах бүст багтаах бөгөөд ирэх таван жилд 535 тэрбум баат хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна.

Хөрөнгө оруулалтын зорилтот чиглэлд эмнэлгийн инноваци нэвтрүүлэх, ажиллах хүчийг хөгжүүлэхээс гадна цахим үйлдвэрлэл, нисэхийн салбар, ложистик, хүнсний үйлдвэрлэл, өндөр орлоготой аялал жуулчлал болон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг орох юм.

Энэхүү санаачилгын хүрээнд дэлхийн шилдэг 10 ухаалаг хотын нэгийг бий болгох бөгөөд дараагийн 10 жилийн төлөвлөгөөг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Үүнд:

1. 2023 он: Нарийвчилсан зураг төсөл, төлөвлөлт;

2. 2024 он: Газар зохион байгуулалт, зам, нийтийн аж ахуйн шугам сүлжээний бүтээн байгуулалт;

3. 2025 оноос хойш: Хувийн аж ахуйн нэгжид газар түрээслүүлэх зэрэг болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь ЗЭЗК-ийн нийт хөрөнгө оруулалтад 51.98 тэрбум баат (9.7%) хувь нэмэр оруулах бол зөвхөн хувийн хэвшлээс 468.07 тэрбум баат (87.5%) хөрөнгө оруулах төлөвтэй байна.

Төслийн хүрээнд 2032 он гэхэд 100,000 оршин суугчтай ухаалаг хот байгуулж, 50,000 гаруй ажлын байр бий болгож, 150-300 гарааны бизнесийг дэмжинэ. Дэд бүтцийн төлөвлөгөөнд үр ашигтай тээврийн сүлжээ, нийтийн аж ахуйн систем, орон нутгийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн барилга байгууламж барихаар төлөвлөжээ.

Уг санаачилга нь Чонбури хотыг Тайландын бусад хоттой өрсөлдүүлэхгүй, харин харилцан хөгжлийг дэмжих замаар төв болгох зорилготой ажээ.

Эх сурвалж: Nation Thailand