images

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОКО ВИДОДО ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТАГ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ХӨВӨГЧ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2023-11-10

197

Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн Пүрэв гарагт 100 сая ам.долларын өртөг бүхий Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь хамгийн том хөвөгч нарны эрчим хүчний станцын нээлтийн үйл ажиллагаанд оролцов. “CIRATA” гэх энэхүү хөвөгч нарны эрчим хүчний станц нь нийслэл Жакарта хотоос 130 гаруй км-ын зайд орших Баруун Ява арлын усан санд нийт 200 га талбайд байгуулагдсан бөгөөд нийт 340,000 нарны зайн хавтангаас бүрдэх энэхүү хөвөгч нарны эрчим хүчний станц нь ойролцоогоор 50,000 айл өрхийг тог, цахилгаанаар хангах хүчин чадал бүхий эрчим хүчийг үйлдвэрлэх аж. “CIRATA” хөвөгч нарны эрчим хүчний станцыг барих төслийг Бүгд Найрамдах Индонез Улсын цахилгаан, эрчим хүчний “PT PLN” компани, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод төвтэй сэргээгдэх эрчим хүчний “Masdar компани хамтран “Sumitomo Mitsui Banking Corporation” болон “Societe Generale and Standard Chartered” банкны санхүүжилтээр нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хамгийн том, харин дэлхийд эхний 3-т орох хөвөгч нарны эрчим хүчний станц гэдгээрээ онцлог юм. Тус улс 2060 онд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг зогсоох, ногоон, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих зорилт тавин ажиллаж байгаа боловч тус улс нүүрс, шахмал түлшнээс хэт хамааралтай, мөн сэргээгдэх эрчим хүч, тухайлбал нар, салхины эрчим хүчний станц нь тус улсын эрчим хүчний 1 хувиас ч бага эрчим хүчийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: The Jakarta Post