images

ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ОХУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2023-10-20

198

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Пирапан Салиратавибхага өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бангкок хотноо болж буй 3 дахь Ази, Номхон далайн Эрчим хүчний чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Сергей Мочальниковтой хоёр талын уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа ОХУ-ыг тус улсад хямд үнээр эрчим хүч нийлүүлэхийг хүсэлт болгов. ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Сергей Мочальников Тайландын Хаант Улсыг нүүрс, газрын тос болон бусад эрчим хүчний эх үүсвэрээр хангах, хоёр улсын эрчим хүчний хамтарсан үйлдвэр байгуулах, энэ хүрээнд харилцан мэргэжилтэн солилцох, туршлага хуваалцах, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтойг тус тус илэрхийлэв. Түүнчлэн Тайландын эрчим хүчний салбарын мэргэжилтнийг ОХУ-д айлчлуулж, Оросын эрчим хүчний үйлдвэртэй танилцуулах боломжтойг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post