images

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ЭЭЛЖИТ 79 ДҮГЭЭР ЧУУЛГАН БАНГКОК ХОТНОО ЭХЛЭВ

МЭДЭЭ

2023-05-15

253

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2023 оны 5 дугаар сарын 15-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК)-ын ээлжит 79 дүгээр чуулган эхлэв. Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын АНДЭЗНК нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээлийг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн улсад стратегийн дүн шинжилгээ хийх, бодлогын санал боловсруулах, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй улсын тээврийг сайжруулах чиглэлд НҮБ-ын АНДЭЗНК тодорхой нэмэр оруулж буйг Ерөнхий сайд мөн тэмдэглээд, тээвэр, эрчим хүч, мэдээлэл, харилцааны технологийн сүлжээг сайжруулснаар далайд гарцгүй улсын худалдааны хүрээг тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх, хөгжлийн шинэ гарц болох ач холбогдолтойг онцлон тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Комиссын 79 дүгээр чуулганы даргаар Тонга Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг хатагтай Фекитамоэла Катоа Утойкаману томилогдож, дэд даргаар Казахстаны Цахим хөгжлийн дэд сайд Аскар Жамбакин, БНСУ-ын Цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан дэд сайд Хьөн Женни Ким, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Индонез Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Рахмат Будиман, Филиппин Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Миллисент Круз-Паредес, Шри Ланкаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Колонн Аппухамиллаж Чаминда Колонн нар тус тус сонгогдов.

Тус чуулганы үдээс хойшхи хуралдааны ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын байр суурийн талаар үг хэлж оролцлоо.