images

ТАЙЛАНДЫН ЦАГААН БУДАА ТАРИАЛАНЧИД ВЬЕТНАМ ЦАГААН БУДААНЫ ТӨРЛИЙГ ТАРИАЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-01-02

257

Дэлхийн цагаан будааны хоёр дахь томоохон экспортлогч Тайландад тус улсын гарал үүслийн гэрчилгээ бүхий цагаан будаа тариалалтыг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж хямд өртөгтэй, тариалахад хялбар, Тайландын цагаан будаатай ижил төстэй, хэрэглэгчдийн таашаалд нийцдэг вьетнам сортыг зарим тариаланч нууцаар нэвтрүүлж буй ажээ. “Тайландын Хаант Улсын төв хэсгийн 1 сая гаруй рай (160,000 гаруй га) газар нутагт Вьетнам цагаан будааг нууцаар тариалж байна. Аль нь жинхэнэ Тайланд төрлийн, аль нь Вьетнамынх вэ гэдгийг хэн ч ялгаж чадахгүй байна" гэж Тайландын Цагаан будаа экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Чароен Лаотаматас мэдэгджээ. "Хэрэв бид энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авахгүй бол өөрийн бүтээгдэхүүнийг дээд зэргийн чанартай гэж сурталчилж чадахгүйд хүрч, манай цагаан будааны салбар бүхэлдээ аюулд орно гэж бодож байна" гэж тэрээр дурдсан байна. Тус улсад хүчин төгөлдөр “Тариалангийн ургамлын сортыг хамгаалах тухай хууль”-ийн дагуу Тайландад өөр улсын сортын ургамлын үрийг импортлохыг хатуу хориглодог байна. Гэвч жижиггазар тариалан эрхлэгчид Вьентам будааны үрийг тус улс руу хууль бусаар хилээр нэвтрүүлсээр байна. Вьетнам үрийн цагаан будаа нь амархан ургаж, хортон шавьжийг тэсвэрлэх чадвартай бөгөөд түүний бүтэц нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцдэг гэж эдгээр тариаланч үздэг байна. Тухайлбал, Тайландад тариалж буй вьетнам цагаан будаа нь тариалснаас хойш ердөө 90 хоногийн дараа хураахад бэлэн болж, жилд хэд хэдэн удаа ургац авах боломжтой юм. Харин Тайланд цагаан будааны төрөл нь эсрэгээрээ тариалахад цаг хугацаа, нэмэлт усалгаа шаарддаг ажээ. Тайланд нь 30 гаруй жилийн турш дэлхийн цагаан будаа экспортын тэргүүлэгч байсан юм. Одоогийн байдлаар Энэтхэг Улс дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд 2022 онд 22 сая тонн цагаан будаа экспортолсон бол араас нь Тайланд, Вьетнам бичигдэж байна (тус бүр 7-7.5 сая тонн).