images

ГАДААДЫН ИРГЭД ВИЗИЙН ЖУРМЫГ МӨРДӨХ ЁСТОЙ

МЭДЭЭ

2023-01-16

208

Тайландын Хааны цагдаагийн газар гадаадын иргэд тус улсад байх хугацаандаа визийн нөхцөлөө зөрчсөн эсэхийг шалгаж байх талаар шилжилт хөдөлгөөний газар болон жуулчны цагдаа зэрэг байгууллагад үүрэг өгчээ.

Бангкокийн Яоварат дүүрэгт хятад жуулчид орон нутгийн иргэдийн нэрийг ашиглан зам дагуу хүнс худалдах бизнес эрхэлж байгаа талаар гомдол гаргасны дагуу ийнхүү арга хэмжээ авчээ.

Одоо мөрдөж журмын дагуу жуулчны визтэй гадаадын иргэд Тайландад ажиллах эрхгүй юм. Үүнээс гадна гадаадын иргэд эрхэлж болохгүй ажлын жагсаалт байх бөгөөд үүний тоонд аяллын хөтөч, гудамжны хоолны худалдагч багтдаг ажээ.

Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Атчаён Крайтонгын хэлснээр хятад иргэдэд 30 хоногийн хугацаатай жуулчны виз олгодог болон визийн нөхцлийг зөрчсөн гадаад иргэдийг албадан гаргах, дахин нэвтрэхийг хориглох арга хэмжээ авах талаар ярьсан байна.

Мөн Тайландын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогчийн хэлснээр тус улсад тайланд иргэний нэрийг ашиглаж, бизнес эрхэлж байгаа гадаадын иргэдийг шалгах ажлыг эрчимжүүлж, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа талаар мөн мэдээлэв.

Тайланд Улсад хүнс, ундаа борлуулах бизнес эрхлэхийг хүссэн гадаадын иргэд тус улсын Бизнесийн хөгжлийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд бизнест хамтран хөрөнгө оруулж байгаа тайланд иргэд хөрөнгийн нөөц боломжтойгоо нотлох ёстой байдаг ажээ. Гадаадын иргэд хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд нэрээ ашиглуулсан тайланд иргэдийг гурван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 100.000-1 сая хүртэл баатаар торгох арга хэмжээ авдаг байна.