images

УТААТ МАНАНТАЙ ТЭМЦЭХЭД АСЕАН-Д ХАНДАНА

МЭДЭЭ

2023-03-29

270

Тайландын Засгийн газар бүс нутагт үүсээд буй хил дамнасан утаат манан (haze)-гийн бохирдолтой тэмцэхэд АСЕАН-ны гишүүн хөрш улстай хамтран ажиллахаар эрмэлзэж байна. Ерөнхий сайд Прают Чан-о-ча уг асуудлыг АСЕАН-ны ээлжит уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал гаргасан бөгөөд  Тайландын ГХЯ уг асуудлаар холбогдох улсад хандан дипломат ноот илгээсэн байна.Тэрээр “ Би ноотонд гарын үсэг зурсан. “Огтолж, шатаадаг (slash and burn)” газар тариаланг зогсооход хамтран ажиллахыг хүсэж байна. Тайландын тариаланчид мөн ийм төрлийн үйл ажиллагаанаас зайлсхийж, хамтран ажиллах ёстой" гэж хэлэв.

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай уг асуудлаар Лаос болон Мьянмарын элчин сайд нартай уулзаж ярилцсан. Мөн эдгээр улсад суугаа Тайландын элчин сайд нар холбогдох албан тушаалтантай уулзжээ.

Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай “Уулзалтын мөрөөр ажиллаж, хөрш хоёр улсаас  ахицын талаар лавлана. Бидний зүгээс аливаа дарамт учруулахгүй. Хөрш улс болон болон Тайландын иргэдийн эрүүл мэндэд хор учруулж байгаа утаат манантай яаралтай тэмцэх шаардлагатай байгааг онцлохыг хүсэж байна" гэв.

Тайландын Байгаль орчны хүрээлэнгийн ерөнхийлөгч Вижарн Симачаягийн хэлснээр хил дамнасан утаат мананг таслан зогсоож чадахгүй байгаа нь АСЕАН-ны гишүүн улсын эрх зүйн орчинг сайжруулахгүй байгаатай холбоотой ажээ. Тэрээр  "Тэдний хийж чадах зүйл бол хамтын ажиллагааг тунхаглах юм. Эрх баригчдын зүгээс тариалалтын хог хаягдлыг шатаахыг хориглохыг хичээж байх хооронд тайландын зарим бизнес эрхлэгчид хөрш улсын газар тариаланд хөрөнгө оруулалт хийж байна” гэв. Түүний үзэж буйгаар хиймэл дагуулаас зураг авах технологийг шаталтын эх үүсвэрийг илрүүлэхэд ашиглаж болох бөгөөд орон нутагт газар олгох төсөл хэрэгжүүлэхдээ Засгийн газраас нутгийн оршин суугчдаас тариалалтын хог хаягдлыг шатаахыг зогсоохыг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авах шаардлагатай байгаа ажээ.

Тайландын Дотоод хэргийн сайд Анупонг Паожинда мужийн захирагчид Байгалийн нөөц, байгаль орчны яамнаас гаргасан удирдамжийн дагуу утаат манантай тэмцэх арга хэмжээ авах талаар дурьдаж, PM2.5 тоосны гол эх үүсвэр яндангийн утаа болдог тул бохирдол ихтэй газар автомашины хөдөлгөөнийг хязгаарлах нь дараагийн алхам болох талаар мэдэгдэл хийв.

Одоогоор PM2.5 тоос аюултай түвшинд хүрсэн нутгийн хойд хэсэгт долоо хоног бүр 4000 орчим хүн амьсгалын замын өвчнөөс эмчлүүлж байна. Өчигдөр Чианг Рай хотын Мэй Сай дүүрэгт PM2.5 тоос 1 м3 тутамд 530 микрограммд хүрсэн нь хамгийн муу үзүүлэлт байв.