УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА-МАЛАЙЗ
2024-09-11
Дипломат харилцаа |
Монгол Улсаас Малайз Улсад суугаа Элчин сайд А.Төмөр Малайзын Цог жавхлант Хаанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. |
Харилцааны байдал
|
Малайз Улс 1957 онд тусгаар тогтнолоо зарлахад манай улс баяр хүргэсэн утас илгээж, найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Улмаар 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. 1990-ээд оны эхэнд Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл эхэлснээс хойш малайзын тал хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар санаачилга гаргасан. 1994 оны 5 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр Малайзид айлчилж, Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн илгээлтийг гардуулсан болно. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих тохиролцоонд хүрч, ноот солилцсон. 1995 оны 3 дугаар сард Копенгаген хотноо болсон Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн Дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхий сайд П.Жасрай Малайзын Ерөнхий сайд Махатир Бин Мохамадтай уулзаж, Малайзид айлчлахаар тохиролцсон. Үүний дагуу 1995 оны 7 дугаар сарын 26-29-нд Монгол Улсын Ерөнхий сайд Малайз Улсад анх удаагаа албан ёсоор айлчилсан. 1997 оны 9 дүгээр сарын 8-11-нд Малайзын Ерөнхий сайд Махатир Бин Мохамад Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэг гарснаас хойш хоёр орны харилцаа үндсэндээ зогсонги байдалд ороод байна. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Малайз Улсын Ерөнхий сайдын орлогч Абдул Хамид Захиди оролцсон. |
Харилцан хийсэн гол айлчлалууд
|
Монголын талаас:
Малайзын талаас:
|
Харилцааны механизм |
ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмтай байсан. 2006 оноос хойш уулзалт хийгдээгүй. |