|
Худалдааны харилцаа
|
Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2025 онд 57.2 сая ам.доллар, үүнээс 409 мянган ам.долларын экспорт, 56.8 сая ам.долларын импорт хийсэн байна.
Монгол Улсаас Тайландын Хаант Улс руу согтууруулах ундаа, молибдены хүдэр, баяжмал, хувцас, бусад нэхмэл бүтээгдэхүүн, хийжүүлсэн ус зэрэг бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Тайландын Хаант Улсаас Монгол Улсад голдуу элсэн чихэр, бичгийн цаас, автомашин, эд анги, дагалдах хэрэгсэл, машин механизм тэдгээрийн эд анги, тоног төхөөрөмж, боловсруулсан болон лаазалсан жимс, ундаа импортлодог.
|
|
Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц:
|
Тайландын Хаант Улсаас Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ (2011-2024): 1.1 тэрбум ам.доллар (Тайландын Хаант Улсын Худалдааны яам)
Тайландын Хаант Улсаас Монгол Улсад 2024 оны байдлаар /өссөн дүнгээр/ нийт 54.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн (Гадаадын хөрөнгө оруулалтын газар). Тайландын Хаант Улсаас Монгол Улсад нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Sermsang Power Corporation, Enserv Group, BAFS Group) зэрэг 13 салбарт 7 хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийгээд байна.
|
|
Зээл, тусламжийн тухай мэдээлэл:
|
- Тайландын Хаант Улс 1990 оноос Монголд хандивлагчдын уулзалтад оролцож, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давахад зориулан 1994 онд 2 сая баат /80 гаруй мянган ам.доллар/-ын буцалтгүй тусламж үзүүлсэн. 1996 онд ой хээрийн түймрийн хохирлыг арилгахад зориулж 500 мянган баат /19,700 ам.доллар/-ын буцалтгүй тусламж үзүүлсэн. 2000, 2001 оны зудад нэрвэгдсэн малчдад тусламж болгон тус бүр 10 мянган ам.долларын тусламж үзүүлсэн;
- 2004 оны 12 дугаар сарын 26-нд болсон цунамид Тайландын өмнөд муж нэрвэгдэж, хүний амь эрсдэж, эдийн засгийн хохирол учирсантай холбогдуулан 10 мянган ам.доллар, мөн 2011 онд Тайландад тохиолдсон үерийн гамшгийг арилгахад зориулан 20 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг манай Засгийн газраас Тайландад үзүүлсэн;
- ТАЙКА-аас 2014 оноос эхлэн залуу дипломатын тусгайлсан сургалтыг жил бүр зохион байгуулж, сүүлд зохион байгуулсан сургалтаас дурдахад 2018 онд “Худалдааны бодлого ба чөлөөт худалдааны хэлэлцээ” /Trade Policy and Free Trade Agreement Negotiation/ сэдвээр, 2019 оны 06 дугаар сард “Олон улсын сэтгүүл зүй ба дипломат арга ажиллагаа” сэдвээр тус тус зохион байгуулсан.
- Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, ТАЙКА болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хамтран Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядетийн санаачилсан “ Хүртээмжтэй эдийн засгийн философи /Sufficiency Economy Philosophy/” үзэл баримтлалд тулгуурлан “Монгол Улс дахь тогтвортой аялал жуулчлал” төслийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймагт 2018 - 2021 оны хугацаанд хэрэгжүүлсэн.
- Монголын аялал жуулчлалын оператор компани, холбогдох яам болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан сургалтыг 2022, 2023 онд зохион байгуулсан.
- ТАЙКА-гаас 2015-2024 оны хооронд хоёр талын хамтын ажиллагаа, TIPP, AITC болон бусад хөтөлбөрийн хүрээнд 17.8 сая тай баат буюу 550,000 орчим ам.долларын зардлыг манай талд гаргасан.
|