Худалдаа, Эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа

Нийт эргэлт: 42.2 сая ам.доллар (2019 он)
Экспорт: 5,2 сая ам. доллар
Импорт: 37,03 сая ам. доллар

Монгол Улс Тайландад молибдений хүдэр /63 %/ жонш /6 %/, тээврийн хэрэгслийн зарим эд анги /4.6 %/, экспортолж, Тайландаас элсэн чихэр /47 %/, цагаан будаа, цаас болон картон /6.9 %/, хөнгөн тэрэг, ачааны тэрэг /7.0 %/ зэргийг импортолсон байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ: 1 тэрбум ам.доллар

Тайландын 3 компани Монголд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. “Банпу” компани 2011 оноос манай улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн.

“Бумрунград” олон улсын эмнэлэг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 2014 онд 62,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын менежментийг шинэчлэх,  үйлчилгээг олон улсын стандартад хүргэх, эмнэлгийн орчин үеийн техник, технологи нийлүүлэх, эмч мэргэжилтнийг давтан сургах үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2016 оны байдлаар “Бумрунград” олон улсын эмнэлэг Монголд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Монголын “Хүннү Эйр” компани 2013-2014 онд Улаанбаатар-Банкок-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 1-2 удаа шууд нислэг хийж байсан бөгөөд Тайландын дотоод байдал, зорчигчдын тоо хангалтгүй байсан зэргээс шалтгаалан 2014 оны 6 дугаар сараас шууд нислэгээ зогсоосон. Өвлийн улиралд МИАТ компани чартерийн  нислэг үе үе хийж байна.

Зээл, тусламжийн тухай мэдээлэл

 

Тайланд Улс 1990 оноос Монголд хандивлагчдын уулзалтад оролцож, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давахад зориулан 1994 онд 2 сая баат /80 гаруй мянган ам.доллар/-ын буцалтгүй тусламж, 1996 онд ой хээрийн түймрийн хохирлыг арилгахад зориулж 500 баат /19,700 ам.доллар/-буцалтгүй тусламж, 2000, 2001 оны зудад нэрвэгдсэн малчдад тусламж болгон тус бүр 10 мянган ам.долларын тусламж үзүүлсэн.

 Тайландын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-ийн санхүүжилтээр “Тайланд, Монголын хамтын ажиллагааны 2012-2014 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, нийт 12 удаагийн сургалт, 1 танилцах аялал зохион байгуулсан бөгөөд  магистрын түвшний 7 тэтгэлэг олгож, нийтдээ 128 ажилтныг хамруулсан.

 2016 оны 12 дугаар сард ТАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх “Тайланд, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2018 оны хөтөлбөр”-ийг тохиролцож, үүнд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр 7, эрүүл мэндийн чиглэлээр 5, аялал жуулчлалын чиглэлээр 2, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр 4 сургалт тус тус зохион байгуулахаар тусгаад байна.

 Манай Засгийн газраас 2004 оны 12 дугаар сарын 26-нд болсон цунамид Тайландын өмнөд мужууд нэрвэгдэн хүний амь эрсдэж, эдийн засгийн хохирол учирсантай холбогдуулан 10 мянган ам.долларын, мөн 2011 онд Тайландад тохиолдсон үерийн гамшгийг арилгахад зориулан 20 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Тайландад тус тус үзүүлсэн.