“НҮБ-ЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН 9 ДҮГЭЭР ФОРУМ” БАНГКОК ХОТНОО БОЛЖ БАЙНА

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 9 дүгээр форум” эхлэв. Энэ удаагийн форум “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахын хамт КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллийг амжилттай даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүлж оролцож байна. Арга хэмжээг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохамед, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабана нар үг хэлсний дараа форумын үндсэн сэдвээр Сайд нарын түвшинд хэлэлцүүлэг болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэлцүүлэгчээр оролцов. Мөн энэ өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохамед манай төлөөлөгчдийн тэргүүн А.Ариунзаяаг хүлээн авч уулзах үеэр НҮБ-ын системийн хүрээнд Монгол Улстай хамтран ажиллаж буй байдлын талаар санал солилцож, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, санаачилгыг НҮБ-ын зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байгааг хатагтай Амина Мохамед нотлов. Тэрээр КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулах чиглэлээр Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, ялангуяа хүүхдийн мөнгө зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээ үр дүнтэй болсныг тэмдэглэв. Цар тахлын дараа эдийн засгийн өсөлтийг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгч, хатагтай Амина Мохамедийг Монгол Улсад айлчлахыг урив.

“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 9 дүгээр форум” 3 дугаар сарын 31-ний өдөр өндөрлөнө.